Монголчуудын Холбоо - Японы мэдээ. ニュース by モンゴル人協会・日本
Ерөнхий сайд С.Баяр Японд айлчилна
Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр Япон Улсын Ерөнхий сайд Т.Асогийн урилгаар долдугаар сарын 15-20-ны өдрүүдэд Япон Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр Японы Ерөнхий сайд Т.Асотай албан ёсны хэлэлцээ хийж Японы угсаа залгамжлагч Хунтайж Нарухито, Парламентын хоёр танхимын удирдлагуудад бараалхах аж. Мөн Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Ерөнхийлөгч С.Огата, Японы бизнесийн холбооны тэргүүн нартай уулзаж Монгол, Японы харилцаа, түүний дотор хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоор төлөвлөөд буй ажээ.
Comments
Comments
Монгол Улсын Ерөнхий Сайд С.Баяр 2009 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Японы Аояма Гакуэн Их сургууль дээр хийсэн уулзалтын үеэр тавьсан илтгэл
Монгол Улсын Ерөнхий Сайд С.Баяр 2009 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Японы Аояма Гакуэн Их сургууль дээр хийсэн уулзалтын үеэр тавьсан илтгэл

Монгол Улсын уул уурхайн салбарын бодлого, олон улсын хамтын ажиллагаа

Эрхэмсэг ноён Матсузава, Аояма Гакуэн Их сургуулийн эрдэмтэн багш нар, суралцагч оюутнууд Та бүхний энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилж байна.

Япон улсын Их дээд сургуулиудад монгол улсаас олон тооны оюутан залуучууд суралцаж өндөр боловсрол мэдлэг эзэмшиж ирсэн. Үүний дотор Япон улсын Засгийн газрын тэтгэлгээр манай олон тооны залуучууд суралцаж байгаад бид ихээхэн талархаж байдгаа энэ ялдамд илэрхийлье.

Монгол улс өргөн уудам нутагтай, цөөн хүн амтай улс. Манай улсын ДНБ-ий хэмжээ 2008 онд 5,3 тэрбум ам долларт хүрснээр 2000 оны түвшингээс 6 дахин өсчээ. Шинэ зуун гарснаар улс орны эдийн засгийн бүтцэд мэдэгдэхүйц өөрчлөлт гарч байна. Тухайлбал, 2000 онд эдийн засагт үйлчилгээний салбар 47.0 хувь, хөдөө аж ахуй 32.0 хувь, аж үйлдвэр 20.0 хувийг бүрдүүлж байсан бол 2008 онд үйлчилгээ 43.0 хувь, аж үйлдвэр 34,0 хувь, хөдөө аж ахуй 23.0 хувь болж уламжлалт ХАА-н салбарын эзлэх хувийн жин буурч, харин аж үйлдвэрийн салбар, тэр дундаа уул уурхайн салбарын үйл ажиллагаа идэвхжиж 2000 оны түвшингээс бараг 3 дахин нэмэгдэж, эдийн засагт эзлэх байр суурь нь өргөжсөн байна гэсэн ийм дүн гарсан.

Өнгөрсөн 2008 оноос эхлэн дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямрал Монгол Улсын эдийн засаг, нийгмийн салбаруудад сөрөг нөлөөллөө үзүүлж, эдийн засгийн өсөлтийг сааруулж, үйлдвэрлэлийн бодит хэмжээг хумьснаар дээр дурдсан бүтцэд сөргөөр нөлөөлж эхэлсэн.

2009 оны эхний 5 сарын байдлаар аж бүтээгдэхүүн үйлдвэрлэл өмнөх оны мөн үеийнхээс бараг 8.0 хувиар буурсан байна. Энэхүү бууралтын гол шалтгаан нь барилгын салбарын борлуулалт буурсан, үл хөдлөх хөрөнгийн үнэ унаж байгаатай холбоотойгоор төмөрлөг боловсруулах үйлдвэрлэл буурсантай холбоотой шууд холбоотой гэж эрдэмтэн судлаачид үзэж байна.

Ялангуяа дэлхийн зах зээл дээр зэсийн үнийн огцом уналтаас шалтгаалан Монгол Улсын төсвийн орлого өмнөх оны 6 дугаар сарын түвшинтэй харьцуулахад энэ онд 28.8 хувиар буурсан байна.

Гэсэн хэдий ч сүүлийн саруудад дэлхийн зах зээл дээрх манай голлох бүтээгдэхүүн зэс, алт болон түүхий нефтийн үнэ харьцангуй сэргэж байгаагаас үйлдвэрлэлийн хэмжээг сэргээх, экспортоо нэмэгдүүлж, гадаад худалдааны тэнцлийг сайжруулах зэрэг эерэг нөлөөллийг авчирч байна.

Саяхан Дэлхийн банкнаас тооцож гаргасан дэлхийн улс орнуудын орлогын бүлэглэлээр Монгол Улс анх удаагаа бага орлоготой орнуудын эгнээнээс гарч, дунд орлоготой орнуудын эгнээнд (Lower Middle income countries) дэвшин орсон байна. Ийнхүү Монгол улс Хятад, Тайланд, Индонези, Иран, Энэтхэг зэрэг улс орнуудтай нэг бүлэглэлд багтахаар болж байна. Энэ бол Монгол улсын хөгжлийн түүхэнд гарсан бодит ахиц дэвшил, хөгжлийн нэг чухал үзүүлэлт юм. Ийнхүү 2009 оноос эхлэн Монгол улс дунд орлого бүхий улс орон болж тооцогдож байна.

Монгол Улс өнөөгийн байдлаар цаашдын ихээхэн ирээдүй бүхий уул уурхайн салбарын үйлдвэрлэлд тулгуурлан санхүү, эдийн засгийн хямралыг богино хугацаанд буюу 2009-2010 онуудад багтаан даван туулах арга замыг эрэлхийлж, уул уурхайн салбарын гол гол бодлогын асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө шаргуу ажиллаж байна.

Монгол Улсын Их Хурал 2008 онд баталсан бодлогын баримт бичигт тодорхойлсноор “Стратегийн орд газруудыг ашиглаж, өндөр технологит тулгуурлан эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэн, эдийн засгийн салбарын бүтцийг сайжруулж, мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох санхүүгийн чадамж, хуримтлалыг бүрдүүлнэ” гэсэн зорилтыг тавьсан.

Монгол улсын эрдэс баялгийн салбарын ДНБ-д эзлэх хувь 2002 онд 10,0 хувь байсан бол 2008 онд 30,0 хувь болж бараг 2,5 дахин өссөн байна. Экспортын нийт бүтээгдэхүүний 80.0 хувийг эрдэс баялгийн салбар бүрдүүлж, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2002 оноос хойш 6 жилийн дотор 20 хувиар нэмэгдэж 60.0 орчим хувийг дангаар эзэлдэг болжээ.

Иймээс энэ салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ялангуяа дан ганц зэс, алтны нөөцөд тулгуурлах бус бусад төрлийн ашигт малтмалын олборлолт, боловсруулалтыг дэмжих, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж байна. Юуны өмнө Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын томоохон орд хэмээн зарласан, ихээхэн хэмжээний нөөц бүхий зэс-алтны, нүүрс, төмрийн хүдрийн, уран, мөнгөний ордуудыг яаралтай эдийн засгийн эргэлтэнд оруулах, ашиглалтыг түргэвчлэх асуудал бидний хувьд эн тэргүүнд тавигдаж байна.

Эхний ээлжинд Оюу толгойн ордыг түшиглэн зэс олборлон, баяжуулах үйлдвэр барьж байгуулах, мөн Таван толгойн ордыг түшиглэн нүүрсний баяжуулах болон боловсруулах үйлдвэр, цахилгаан станц барьж байгуулах, Шивээ Овоогийн нүүрс–эрчим хүчний цогцолборыг ашиглалтанд оруулах, ордыг түшиглэн эрчим хүч, дулааны эх үүсвэр, шингэн түлшний үйлдвэр байгуулах төслүүдийг хэрэгжүүлэх, эхлүүлэх тэргүүн шаардлагатай гэдгийг томъёолон тавьж байна.

Мөн түүнчлэн үйл ажиллагаагаа эхлүүлээд 30 жил ажиллаж байгаа Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн техник, технологийн шинэчлэлийг үе шаттайгаар үргэлжлүүлэн хийж, зэс, молибдений баяжмалыг боловсруулах замаар цэвэр зэс, молибдений исэл үйлдвэрлэж, дагалдах элементүүдийг ялгаж авах төсөл хэрэгжиж байна. Мөн Цагаан суваргын ордыг түшиглүүлэн катодын зэс үйлдвэрлэх гидрометаллургийн үйлдвэр байгуулах зэрэг төслүүдийг гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран хэрэгжүүлэхэд бид дэмжлэг үзүүлнэ.

Металлургийн чиглэлээр манай улсын хойд хэсэгт орших японы техник технологиор Төмөртэйн төмрийн хүдрийн ордыг түшиглэн төмрийн хүдэр олборлох, баяжуулах, боловсруулах цогцолбор үйлдвэр байгуулах төслийг мөн хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулагчдад дэмжлэг үзүүлэхэд Монгол улсын Засгийн Газар бэлэн байна.

Одоогийн байдлаар Оюу толгойн алт-зэсийн орд, Таван Толгой, Шивээ-Овоогийн нүүрсний ордуудыг ашиглах талаар тодорхой ажлууд хийгдээд байна.

Оюу толгойн одоогийн нөөц бол 30 сая орчим тонн зэс, 1 мянган тонн алт байна гэж судлагдаж байна. Төслийн хувьд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн Айвенхоу Майнз, Рио Тинто компаниудтай хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар яриа хэлэлцээ явагдаж, гэрээний баримт бичгийн төслийг Засгийн газар боловсруулаад УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхлээд байна.

Энэ Оюу толгойн орд газраас гадна 6 тэрбум гаруй тонн нүүрсний нөөцтэй. Таван толгойн нүүрсний ордын хувьд одоогоор нийт гадаад улс орнуудын 13 санхүүгийн байгууллага, консерциум хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн бөгөөд эхний шатны яриа хэлэлцээг явуулж дууссан. Үүний дотор Японы Мицуи, Иточу, Сожиц зэрэг компаниуд хөрөнгө оруулах сонирхолоо илэрхийлж, саналаа ирүүлээд байгаа юм.

Үүнээс гадна мөнгө, төмрийн хүдэр, ураны зэрэг бусад ордуудын хөрөнгө оруулалтын саналуудыг улс орнуудаас хүлээн авсаар байна. Японы тал уран, төмрийн хүдрийн хайгуул, олборлолт, боловсруулалтын чиглэлээр ажиллах сонирхлоо бидэнд илэрхийлээд байгаа нь манай хоёр орны уул уурхайн эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалт, технологи дамжуулалт, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зэргээр хамтран ажиллах олон сайхан боломж байгааг энэ өдрүүдэд харуулж байна. Бидний зүгээс ч цаашид томоохон ордуудын олборлолт, боловсруулалт, тэдгээрт шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр Япон улстай хамтран ажиллах өргөн боломж бололцоо байгааг цохон тэмдэглэж байна.

Эдгээр болон бусад чиглэлээр хамтын ажиллагааны боломж бололцоог нээн илрүүлэх, байгаа боломжийг бодит ажил хэрэг болгоход дэмжлэг үзүүлэх, харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд улс хоорондын хамтарсан механизм чухал. Энэ хүрээнд Монгол-Японы эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах Зөвлөлдөх хороо хоёр улсын холбогдох яамдын хооронд байгуулан ажиллаж байгаа нь ихээхэн ач холбогдолтой. Манай улс зээл тусламж хүсээд явдаг байсан бол одоо харилцан ашигтай хамтран ажиллах зорилготой байна.

Мөн түүнчлэн энэ удаагийн айлчлалын үеэр Монгол Японы Бизнес Форум арга хэмжээ зохион байгуулагдаж, хоёр талын хувийн хэвшлийн төлөөлөгчид хамтран ажиллах боломжийн тухай илүү бодитой мэдээлэл солилцсон явдал, харилцан ойлголцлыг хангахад чиглэсэн сайхан боломж бүрдүүлж байгаад таатай байна.

Хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс хоёр талын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах асуудлыг эрчимтэй ярьж байна. Олон талын боломжийг бодит ажил болгох, худалдааг аливаа саад бэрхшээл багатайгаар явуулах, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны боломжийг бүрдүүлэхэд ач холбогдолтой алхам болох боломжтой гэж үзэж байна.

Ингээд Монгол Японы хоорондын бие биенээ харилцан нөхсөн, олон талт найрсаг хамтын ажиллагааг цаашид улам өргөжин хөгжинө гэдэгт Монгол улсын Засгийн газар бат итгэлтэй байдаг юм. Энэхүү их үйлсэд Аояама их сургуулийн эрдэмтэн багш, оюутан сурагч та бүхэн ч мөн ихээхэн хувь нэмрээ оруулна байх гэдэгт итгэлтэй байна. Та бүхний хичээл сурлага, ажил үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөе.

Анхаарал тавьсанд баярлалаа.
2009/07/17() 17:12:06 | URL | zochin #4C33waM6 [ Edit ]
Post a comment
URL:
Body:
Edit password:
Private comment: Only the blog author may view the comment.
 
Trackbacks
Trackbacks URL
Trackbacks